С.Мөнгөнчимэг: Засгийн газар өрийн зохицуулалт хийснээр дефолт зарлах эрсдэлээс сэргийлж, ААН-ийг олон улсад гарах боломжийг нээлээ


2-р сарын 10
21 цаг 33 минут

Манай улсын эдийн засаг энэ онд ямар байх төлөвтэй байгаа талаар болон Засгийн газраас саяхан гаргасан шинэ бондтой холбоотой асуудлаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. 

-Засгийн газар таван жилийн хугацаатай, 8.65%-ийн хүүтэй 650 сая ам.долларын бонд гаргаад байна. 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирсэн гэсэн. Өмнөх бондуудыг санхүүжүүлэхээр гаргасан шинэ бонд цагаа олсон шийдвэр байсан уу?

-Орос-Украины хурцадмал байдал 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улс орнуудын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломж хумигдаж байсан. Энэ үед зөвхөн Турк улс л олон улсын зах зээлд 8.975 хувийн хүүтэй бондыг амжилттай гаргаж чадсан байдаг. Блүүмберг платформд Монгол Улсын эдийн засаг, валютын нөөцийн огцом бууралт, төлбөрийн тэнцлийн алдагдлын талаар мэдээлэл цацагдсанаас шалтгаалан үнэт цаас гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Харин Засгийн газраас олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтмол мэдээлэл солилцож байсан. Мөн эдийн засгийн үзүүлэлтүүд 2022 оны гүйцэтгэлээр сайжирсан зэрэг эерэг үзүүлэлтүүдээс шалтгаалж энэ оны нэгдүгээр сард олон улсын зах зээлд гарах боломж нээгдсэн. Ингэснээр “Сенчири 2” бондыг гаргах таатай нөхцөл байдлыг хүлээсний үр дүнд цонх үеийг ашиглаж 650 сая ам.долларын бондыг амжилттай босгож чадлаа.

Хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум ам.долларын санал ирсэн нь бидний зорилгоос давсан. Ес дахин их санал ирж байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд тодорхой хэмжээнд өндөр байна гэж харж байгаа. Иймд энэхүү шийдвэр нь цагаа олсон шийдвэр байсан.

2023 онд Гэрэгэ бондын 500 гаруй сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларыг төлнө. Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилд 1.1 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөхөөр байгаа юм. Шинэ бонд гаргаж, өрийн зохицуулалт хийснээр тухайн өрийн 650 сая ам.долларыг шийдэж, эрсдэлийг даван туулах боломж бүрдлээ гэж хэлж болно.

Өрийн зохицуулалт хийх үйл ажиллагаанд хагас жилийн хугацаанд анхаарал хандуулан ажиллаж шинэ он дөнгөж гарч байхад бонд гаргасан нь цаг хугацааны хувьд ч их зөв байлаа. Зээлжих зэрэглэл адил улс орнуудтай харьцуулахад манай улс бага хүүтэй бонд гаргасан. 

"Ирэх онд Гэрэгэ, Хуралдай бондын 150-250 сая ам.долларын төлбөрийг төлнө"

-Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ, өгөөжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Олон улсын Блүүмберг мэдээний платформд Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондуудын хоёрдогч зах зээлийн мэдээлэл тухай бүр шинэчлэгддэг. 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Гэрэгэ, Хуралдай, Номад, Century бондуудын өгөөж 6.9-8 хувьтай байна.

Шинэ гаргасан бонд бол цэвэр өрийн зохицуулалт юм. Манай улс анх 2012 онд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр “Чингис” бондын 1.5 тэрбум долларыг, төсвийн алдагдал санхүүжүүлэхээр 2015 онд “Дим Сам” бондын нэг тэрбум юань, 2016 онд “Мазаалай” бондын 500 сая долларыг гаргаж байсан бол 2017 оноос эхлэн зөвхөн өрийн зохицуулалтын арга хэмжээ авах зорилгоор бонд гаргаж байна.

Өөрөөр хэлбэл “Сенчири 2” бондыг гаргаж Гэрэгэ болон Хуралдай бондыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ аваагүй бол төсвийн хөрөнгө болон гадаад валютын албан нөөцөөс шууд төлөх тохиолдолд төсөвт дарамт учруулж, валютын нөөцийг огцом бууруулснаар ханшийн сулрал маш их хэмжээнд хүрэх томоохон эрсдэлтэй тулгарах байлаа. Магадгүй олон улсын байгууллагуудтай хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд хүрч болзошгүй байсан.

Засгийн газрын өрийг дахин санхүүжүүлэхээс гадна жил бүр төсвийн хөрөнгөөс тодорхой хэмжээгээр, валютын нөөц, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдалд ихээхэн хэмжээгээр нөлөөлөхгүй байхаар төлж барагдуулж байна. Тухайлбал, 2021 онд Мазаалай бондын 132.8 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг, 2022 онд Чингис бондын 136.8 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг тус тус төлж барагдуулаад байна. Ирэх 2023-2024 онд Гэрэгэ бонд болон Хуралдай бондын 150-250 сая ам.долларын төлбөрийг тухай бүр төлж барагдуулахаар төлөвлөж байна.

-2022 оны арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэтэл амжилтгүй болсон гэж байсан. Энэ юунаас шалтгаалсан бэ?

-Дэлхий даяар инфляцын түвшин түүхэн дээд хэмжээнд хүрч, АНУ-ын бодлогын хүү өсөж 4.25-4.5 хувьд хүрсэн, БНХАУ-ын “Тэг Ковид”-ын бодлого болон Орос Украины хурцадмал нөхцөл байдал нь олон улсын санхүүгийн зах зээлд хүчтэй цохилт өгч, манай улстай  ижил “B” зээлжих зэрэглэлтэй орнууд олон улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж огцом хумигдаж байсан.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн оны есдүгээр сард олон улсад манай Улсын эдийн засаг, валютын нөөцийн огцом бууралт, төлбөрийн тэнцлийн алдагдлын талаар мэдээлэл цацагдсанаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 5-8 дахин нэмэгдэж 40 хувьд хүрч, бидний хувьд 2022 оны арванхоёрдугаар сард өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан.

-2023 онд манай улсын эдийн засаг ямар байх вэ, урд хөрш хилээ нээсэн ч гэсэн дайнаас улбаатай эрсдэлийг та бүхэн хэрхэн тооцож харж байгаа вэ?

-Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг харахад эерэг хандлага гарч байгаа юм болов уу гэж харж байна. Эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь гэж тооцоолж байсан бол гүйцэтгэлээрээ 4.5 хувьтай гарсан. Төсвийн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр төсөв батлагдсан бол гүйцэтгэлээрээ ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэх хэмжээнд гарч байгаа.

Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгөөр буурсан гүйцэтгэлтэй гарсан. Мөн нийт экспорт 12.5 тэрбум ам.долларт хүрч, биет хэмжээний хувьд нүүрсийг 18 сая тонныг экспортолно гэж тооцоолж байсан бол оны эцсээр сүүлийн 2 улиралд экспорт сэргэж 31.7 сая тонн нүүрсийг гаргаж чадсан байна. 

Энэ уул уурхайн экспортын сэргэлт 2023 онд үргэлжлэх төлөвтэй гэж харж байна. Нөгөө талаас БНХАУ-ын Засгийн газраас "Тэг Ковид" стратегийг сулруулж, хил боомт, эдийн засгаа нээсэн нь зөвхөн манай орон гэлтгүй Зүүн Ази дахинд эергээр нөлөөлөхөөр байна.

ОХУ, Украины асуудалтай холбогдуулан ОХУ нүүрсний хоригт орж, улмаар БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспорт 2022 онд эрс нэмэгдсэн нь нүүрсний зах зээлд эрсдэлт байдлыг бий болгож байгаа.

Гэвч Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төслүүд, боомтын сэргэлтийн нөлөөгөөр 2023 онд голлох түүхий эдийн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж, 2023 оны төсөвт тооцсончлон таван хувиар эдийн засгийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байна.

2023 оны нэгдүгээр сард танилцуулсан тайландаа дэлхийн банк манай улсын 2023 оны эдийн засгийн төлөвийг 5.3 хувиар өсөх таамаглалыг гаргасан байна.

"Төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлж байна"

-Зарим шинжээчийн хэлж байгаагаар төсвийн алдагдалтай ийм үед 2023 онд эдийн засаг өсөхгүй гэсэн. Та үүнтэй санал нийлэх үү, нийлэхгүй бол яагаад?

-2022 онд бүх шатны төрийн байгууллагуудад Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, зайлшгүй шаардлагатай л хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлын нөлөөгөөр 2020 онд 12 хувьд хүрээд байсан төсвийн алдагдлыг өнгөрсөн онд 2.1 хувь хүртэл бууруулж чадсан.

Энэ нь эдийн засагт гол эрсдэл болоод байсан импортыг хязгаарлах, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад эергээр нөлөөлсөн. Нөгөө талаас Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогоор экспортыг нэмэгдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх төслүүдийг Төр хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтөд дунд, урт хугацаандаа тогтвортой өсөх боломжийг бүрдүүлэх юм.

-Манай улсын валютын нөөц $3.4 тэрбум болж, ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлээс зайлсхийж чадсан гэдгийг Засгийн газраас онцолж буй. Монгол Улсын валютын зах зээл тогтворжсон уу?

-Манай улсын валютын нөөц 2022 оны жилийн эцсээр 3.4 тэрбум ам.долларын гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь импортын 4.3 сарын хэрэгцээг хангаж чадах үзүүлэлт юм. Өнгөрсөн оны наймдугаар сард хамгийн доод хэмжээнд буюу 2.6 тэрбум доллар хүртэл буурч, импортын 3.3 сарын хэрэгцээг хангахаар байсан. Харин энэхүү валютын нөөцийн бууралтын эсрэг шуурхай арга хэмжээ авч чадсанаар өнөөгийн түвшинд хүрсэн.

Нөгөө талдаа өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2023 оны тавдугаар сард гадаад валютын нөөцөөс шууд хасагдах байсан 517.2 сая ам.долларыг хадгалж үлдсэнээр валютын нөөц тогтворжиж байна.

Хэрэв энэхүү бондын төлбөрийг нэг дор бүгдийг төсвөөс төлсөн тохиолдолд валютын нөөцийг бууруулж, цаашдаа төгрөгийн ханшийг тогтвортой барих бодлогын орон зайг багасгах үр дагавартай эрсдэлтэй байх байсан. 

-2023-2026 онд нийт 13.3 тэрбум ам.долларын гадаад өр хүлээгдэж байгаа. Үүнээс энэ онд хэд нь төлөгдөх вэ?

-Монгол Улсын нийт гадаад өрийн хувьд 2023-2026 онд 13.3 тэрбум доллартой тэнцэх хэмжээний эргэн төлөлтийг хийхээс энэ онд 6.1 тэрбум долларыг төлөхөөр хүлээгдэж байгаа. Үүнээс томоохон төлбөрүүдийг дурдвал Засгийн газрын гаргасан Гэрэгэ бондын 517.2 сая ам.доллар, Монгол банкны БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хоёр тэрбум доллар, Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, мөн Самурай бондын 30 тэрбум иен зэрэг эргэн төлөлтүүд багтаж байна.

Эдгээрээс Засгийн Газар хариуцан төлөх нь Гэрэгэ, Самурай бонд. Гэрэгэ бондын хувьд 517.2 сая ам.долларыг дахин санхүүжилт хийсэн. Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны гаргасан 30 тэрбум иений Самурай бондын  төлөлтийг тус банкны зээлийн эргэн төлөлтөөр барагдуулахаар ажиллаж байгаа.

Энэ оны нэгдүгээр сарын 31-ны байдлаар Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нэг их наяд 91 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ  мөнгийг Монголбанканд тусгай данс нээж иенээр байршуулснаар 30 тэрбум иений төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой болсон байгаа.


Эх сурвалж:ikon.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнийн талынхан Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гээд бүтэлгүйтжээ9 сар 17. 22:06Я.Содбаатарын мэдэгдэл ба Н.Учралын Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болох уу?9 сар 17. 19:36Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа9 сар 17. 19:19Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 сар 17. 16:35“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд IUCN-ийн шинжээчидтэй санал солилцов9 сар 17. 16:31Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна9 сар 17. 14:42Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна9 сар 17. 14:38Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа9 сар 17. 11:59Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 11:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа9 сар 17. 11:44Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:39МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ9 сар 17. 11:36Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна9 сар 17. 9:37Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ9 сар 17. 9:32Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна9 сар 17. 9:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа9 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 17. 8:52Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа9 сар 16. 23:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа9 сар 16. 19:57Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өглөө9 сар 16. 15:16Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг зөвлөв9 сар 16. 14:17“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно9 сар 16. 14:142027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ9 сар 16. 14:08ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ9 сар 16. 13:59Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяр хүргэжээ9 сар 16. 13:56Могойг могойгоор...9 сар 16. 12:31Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ9 сар 16. 12:10ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө9 сар 16. 12:07Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9 сар 16. 10:51Сүмбэр суманд тархсан хурц үнэрийн шалтгааныг тогтоох хяналт шалгалт хийж байна9 сар 16. 10:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.