ТББХ: УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ


4-р сарын 12
8 цаг 20 минут

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2024.04.11/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 6-д Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх өөрчлөлттэй нийцүүлэхээр заасан. Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Улсын Их Хурлын үндсэн бүтцийг тодорхойлохдоо бүрэн эрхээ шинээр эхлүүлж байгаа Улсын Их Хурал бодлогоо тодорхойлж байх чиг хандлагыг харгалзан Улсын Их Хуралд зайлшгүй байх бүтцийг оновчтой, давхардалгүй байх зарчимд нийцүүлсэн гэлээ.

Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байхаар төсөлд тусгажээ. Үүнд:

  1. Аж үйлдвэржилтийн бодлогын;
  2. Аюулгүй байдал, гадаад бодлогын;
  3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;
  4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;
  5. Ёс зүй, дэгийн;
  6. Инновац, цахим бодлогын;
  7. Нийгмийн бодлогын;
  8. Төрийн байгуулалтын;
  9. Төсвийн;
  10. Хууль зүйн;
  11. Эдийн засгийн.

Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж 25 хүртэл гишүүнтэй байхаар, ингэхдээ нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдахаар тусгасан байна. Гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ажлын зааг ялгааг тодруулах зарим зохицуулалтыг шинээр оруулсан аж. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдахаар, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний хувьд эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд харьяалагдахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн нэг Байнгын хороонд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байхаар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн нь Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй байх зохицуулалтыг оруулжээ. Мөн Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болох бөгөөд дэд хорооны гол үүрэг нь хяналт шалгалтын ажил байх аж. Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн, Тогтвортой хөгжлийн дэд хороог хуулиар байгуулахаар, бусад дэд хороог Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгуулахаар зохицуулсан байна.

Хянан шалгах түр хорооны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд түр хороог байгуулах хугацаа, байгуулж болохгүй нөхцөл, хорооны төсөв зэрэг харилцааг хуулийн төслөөр шинээр зохицуулжээ. Тухайлбал, хянан шалгах түр хороог дараах тохиолдолд байгуулахгүй байхаар төсөлд оруулсан байна. Үүнд:

Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацаа үлдсэн бол;

тухайн асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол;

яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар;

татан буугдсанд тооцсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол.

Хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нам, эвсэл бүлэг байгуулж болохоор заасныг парламентын бие даасан байдлын зарчмын дагуу Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулж болохоор төсөлд тусгажээ. Нам, эвслийн бүлэг байгуулж болох гишүүдийн тоо 8 байгааг Улсын Их Хурлын бүрэлдэхүүний тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 12 ба түүнээс дээш болгож шинэчилжээ.

Нам, эвслийн бүлэг байгуулах, тарах, гишүүн өөр бүлэгт нэгдэх, гарах, Засгийн газар байгуулах бүлэг байгуулах зэрэг харилцааг нарийвчлан зохицуулснаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага тогтвортой, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээлээ.

Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн сахилга батыг сайжруулах, хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нам, эвслийн бүлэг хууль тогтоомжийн төсөлд санал, дүгнэлт заавал гаргах, нэгдсэн хуралдаанд нам, эвслийн бүлгийн байр суурийг тодорхой тооны гишүүд төлөөлөн илэрхийлэх, нам, эвслийн бүлгийн саналаар хууль тогтоомжийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах зэрэг шинэ зохицуулалтыг оруулжээ.

Мөн бүлгийн ажлын алба, түүний гүйцэтгэх ажлыг тусгайлан зохицуулж, Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас бусад хуулиар зохицуулахыг хориглосон зохицуулалт шинээр тусгасан байна. Ингэснээр Улсын Их Хурлын бие даасан байдлын хууль зүйн баталгаа дээшлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Улсын Их Хурлын бие даасан байдал, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, журмыг хуулиар нарийвчлан зохицуулж, 2023 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу Улсын Их Хурлын нэг гишүүнд ногдох зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын орон тоо, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад зардал, хангамжийг тогтоох хууль зүйн үндсийг хуулийн төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах, түр хорооны хуралдаанд таслах эрхтэйгээр оролцох гэсэн заалт байгаа. Сүүлийн үед Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй, ирц бүрдэхийг хүлээсэн төрийн албан хаагчид, төслөө хэоэлцүүлэх гэж буй тухайн салбарын яам, агентлагийн албан тушаалтнууд өдөржингөө Төрийн ордонд сууж байна. Үүний цаана яам, агентлагийн ажил цалгардаж байгаа. УИХ-ын гишүүн хуралдаанд тамлах эрхтэй оролцоно гэсэн заалтыг тодруулж өгөөч. Мөн хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо холбогдох Байнгын хороонд ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө хүргүүлнэ гэсэн заалт байна. Бид асуудлыг хэлэлцэж байх явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо бичиж өгөн санал хураалгадаг. Үүнийг өөрчилж байна гэж ойлгож болох уу хэмээн тодруулсан.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан болон харьяа Байнгын хороо, дэд хороо, хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцохдоо дэмжсэн, дэмжээгүй санал өгч болно гэдгийг л хэлж байгаа юм. Таслах эрх гэдэг зөвхөн санал өгөх тухай асуудал. Ер нь ирцэд нь орохгүй ч аль ч Байнгын хорооны хуралдаанд оролцон саналаа хэлж, асуулт асууж болох зохицуулалттай.

УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудлыг сайн судалж тодруулаад, үндэслэл судалгаа, тооцоо сайтай санал дэвшүүлж байх хэрэгтэй байгаа. Зарим тохиолдолд гишүүд хуралдааны дундуур гэнэт орж ирээд ямар асуудал хэлэлцэж буйг тодруулав уу, үгүй юу санал гаргах нь бий. Энэ нь их зохимжгүй зүйл. Олон зуун жил ажиллан төлөвшсөн парламентуудын жишигийг харахад гишүүд саналаа өмнө нь бичгээр өгдөг зарчим байсаар байна. Бид олон улсын парламентуудын үйл ажиллагааны туршлагад тулгуурлан төслөө боловсруулсан. Түүнчлэн гишүүд хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төслийг сайн судлан, зарчмын зөрүүтэй саналаа үндэслэлтэй судалгаатай гаргаж, асуудалд хариуцлагатай хандах нь зүйтэй гэж үзэн дээрх зохицуулалтыг тусгасан гэсэн хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 1 танхимтай, 126 гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль, бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзлээ хэмээн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан байна.

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмыг тусгаж, нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалтыг оруулжээ.

Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатны зохицуулалтыг боловсронгуй болгож, чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, түүнийг гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, хуулийн төслийг хэлэлцэх дарааллыг тогтоохдоо түүнийг өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан үздэг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг буцаах зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох Байнгын хороо хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль, тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх зэрэг асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байх, Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байхаар заасан байна.

Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зохицуулалт тусгагдсан. Чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг сахихтай холбоотой зарим зохицуулалтыг шинэчилжээ.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллыг хэрхэн тогтоох, хуулийн төслийг өргөн мэдүүлэх, тов тогтоох асуудлыг нарийвчлан зохицуулсан эсэхийг тодруулсан.

Хуулийн төсөл санаалчлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх дараалал, тов тогтоох асуудал одоогийн байдлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар биш, Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа. Шаардлагатай гэж үзвэл хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд багтаан хэлэлцэж болно. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хуулийн төслийг хэлэлцэхдээ өргөн мэдүүлсэн хугацаа, дарааллыг заавал харгалзана гэж тусгасан байгаа. Хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа асуудлыг яаралтай гэж үзвэл яаралтай дэгээр хэлэлцэх эсэхийг УИХ өөрөө шийдээд явна. Бусад хуулиудын хувьд өргөн мэдүүлсэн дарааллаар хэлэлцээд явахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулав.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний стратегийн зорилтыг бүрэн хангуулах, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийн хэрэгжилтийн шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, зөрчил, давхардал, хийдлийг арилгах чиглэлээр хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар боловсруулах практик хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 57 зүйлтэй бөгөөд 2021 онд баталсан хуулийн суурь үзэл баримтлалыг хэвээр хадгалсан гэлээ.  

Энэ удаагийн эрх зүйн шинэчлэлийн зорилго Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын Их Хурлын 2019-2024 стратеги зорилтын хүрээд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг гүнзгийрүүлэх, ханган биелүүлэхэд чиглэгджээ.

Үүнд хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, төсвийн хяналтыг өргөжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд асуулт, асуулга тавих, Ерөнхий сайдын мэдээлэл сонсох ажиллагааг боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх, Хянан шалгах түр хорооны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зэрэг хууль хэрэгжүүлэх шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг багтаажээ.

Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой ерөнхий хяналтын, хүний эрхийн, төсвийн, нэр дэвшигчийн сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүдийн тоог 15 байхаар, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 хүртэлх гишүүдтэй байхаар өөрчлөх бөгөөд ингэхдээ нийт гишүүдэд эзлэх хувь хэмжээтэй жишин тоог өөрчлөхөөр тусгажээ.

Хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад тавих хяналтыг сайжруулан, хууль, тогтоолоор үүрэг чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож хэлэлцдэг болно. Улсын Их Хурлаас хийх үр дагаврын үнэлгээний тайланг үр дүнтэй хэлэлцэх, Засгийн газрын нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг шаардлагатай тохиолдолд хянан үзэх, хүчингүй болгох, хариуцлага тооцох зэрэг өөрчлөлтийг оруулсан байна.

Хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааг чанаржуулах, үр нөлөөг нэмэгдүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулахад тавигддаг шаардлагыг нэмэгдүүлэн, ажлын хэсгийн явц байдал, үр дүнг холбогдох Байнгын хороо сонсож, ажлын үр дүнг харгалзан ажлын хэсгийг татан буулгах, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэдэг байхаар тусгасан байна.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын төлөвлөлтийг бодитой болгох, биелэлтийг хангуулах хүчин чадлыг нэмэгдүүлэн, Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаварыг УИХ-ын тогтоолоор батлахаар заажээ.

Ерөнхий сайдын 14 хоног тутамд мэдээлэл хийх зохицуулалтыг сардаа нэг удаа болгон бодлогын шинжтэй асуудлаар хэлэлцүүлгийг явуулах, мэдээллийн цагийн үргэлжлэх хугацааг 1 цаг 30 минутад багтаах, хариулагдаагүй асуултыг бичгээр авч цахим системд байршуулах байдлаар Ерөнхий сайдын мэдээллийн хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, түүний хариуг Байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлдэг болж, Улсын Их Хурлын төсвийн хяналт, шалгалтыг өргөжүүлэн, төсвийн боловсруулалтын үе шатанд тавих хяналтыг бий болгохоор тусгажээ.

Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд иргэний нийгмийн болон төрийн хяналт шалгалтын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдааг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийхээс гадна хянан шалгах түр хорооны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, хууль хэрэгжүүлэх шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ихуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.