С.Мөнгөнчимэг: Засгийн газар өрийн зохицуулалт хийснээр дефолт зарлах эрсдэлээс сэргийлж, ААН-ийг олон улсад гарах боломжийг нээлээ


2-р сарын 10
21 цаг 33 минут

Манай улсын эдийн засаг энэ онд ямар байх төлөвтэй байгаа талаар болон Засгийн газраас саяхан гаргасан шинэ бондтой холбоотой асуудлаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. 

-Засгийн газар таван жилийн хугацаатай, 8.65%-ийн хүүтэй 650 сая ам.долларын бонд гаргаад байна. 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирсэн гэсэн. Өмнөх бондуудыг санхүүжүүлэхээр гаргасан шинэ бонд цагаа олсон шийдвэр байсан уу?

-Орос-Украины хурцадмал байдал 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улс орнуудын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломж хумигдаж байсан. Энэ үед зөвхөн Турк улс л олон улсын зах зээлд 8.975 хувийн хүүтэй бондыг амжилттай гаргаж чадсан байдаг. Блүүмберг платформд Монгол Улсын эдийн засаг, валютын нөөцийн огцом бууралт, төлбөрийн тэнцлийн алдагдлын талаар мэдээлэл цацагдсанаас шалтгаалан үнэт цаас гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Харин Засгийн газраас олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтмол мэдээлэл солилцож байсан. Мөн эдийн засгийн үзүүлэлтүүд 2022 оны гүйцэтгэлээр сайжирсан зэрэг эерэг үзүүлэлтүүдээс шалтгаалж энэ оны нэгдүгээр сард олон улсын зах зээлд гарах боломж нээгдсэн. Ингэснээр “Сенчири 2” бондыг гаргах таатай нөхцөл байдлыг хүлээсний үр дүнд цонх үеийг ашиглаж 650 сая ам.долларын бондыг амжилттай босгож чадлаа.

Хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум ам.долларын санал ирсэн нь бидний зорилгоос давсан. Ес дахин их санал ирж байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд тодорхой хэмжээнд өндөр байна гэж харж байгаа. Иймд энэхүү шийдвэр нь цагаа олсон шийдвэр байсан.

2023 онд Гэрэгэ бондын 500 гаруй сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларыг төлнө. Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилд 1.1 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөхөөр байгаа юм. Шинэ бонд гаргаж, өрийн зохицуулалт хийснээр тухайн өрийн 650 сая ам.долларыг шийдэж, эрсдэлийг даван туулах боломж бүрдлээ гэж хэлж болно.

Өрийн зохицуулалт хийх үйл ажиллагаанд хагас жилийн хугацаанд анхаарал хандуулан ажиллаж шинэ он дөнгөж гарч байхад бонд гаргасан нь цаг хугацааны хувьд ч их зөв байлаа. Зээлжих зэрэглэл адил улс орнуудтай харьцуулахад манай улс бага хүүтэй бонд гаргасан. 

"Ирэх онд Гэрэгэ, Хуралдай бондын 150-250 сая ам.долларын төлбөрийг төлнө"

-Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ, өгөөжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Олон улсын Блүүмберг мэдээний платформд Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондуудын хоёрдогч зах зээлийн мэдээлэл тухай бүр шинэчлэгддэг. 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Гэрэгэ, Хуралдай, Номад, Century бондуудын өгөөж 6.9-8 хувьтай байна.

Шинэ гаргасан бонд бол цэвэр өрийн зохицуулалт юм. Манай улс анх 2012 онд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр “Чингис” бондын 1.5 тэрбум долларыг, төсвийн алдагдал санхүүжүүлэхээр 2015 онд “Дим Сам” бондын нэг тэрбум юань, 2016 онд “Мазаалай” бондын 500 сая долларыг гаргаж байсан бол 2017 оноос эхлэн зөвхөн өрийн зохицуулалтын арга хэмжээ авах зорилгоор бонд гаргаж байна.

Өөрөөр хэлбэл “Сенчири 2” бондыг гаргаж Гэрэгэ болон Хуралдай бондыг дахин санхүүжүүлэх арга хэмжээ аваагүй бол төсвийн хөрөнгө болон гадаад валютын албан нөөцөөс шууд төлөх тохиолдолд төсөвт дарамт учруулж, валютын нөөцийг огцом бууруулснаар ханшийн сулрал маш их хэмжээнд хүрэх томоохон эрсдэлтэй тулгарах байлаа. Магадгүй олон улсын байгууллагуудтай хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд хүрч болзошгүй байсан.

Засгийн газрын өрийг дахин санхүүжүүлэхээс гадна жил бүр төсвийн хөрөнгөөс тодорхой хэмжээгээр, валютын нөөц, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдалд ихээхэн хэмжээгээр нөлөөлөхгүй байхаар төлж барагдуулж байна. Тухайлбал, 2021 онд Мазаалай бондын 132.8 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг, 2022 онд Чингис бондын 136.8 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг тус тус төлж барагдуулаад байна. Ирэх 2023-2024 онд Гэрэгэ бонд болон Хуралдай бондын 150-250 сая ам.долларын төлбөрийг тухай бүр төлж барагдуулахаар төлөвлөж байна.

-2022 оны арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэтэл амжилтгүй болсон гэж байсан. Энэ юунаас шалтгаалсан бэ?

-Дэлхий даяар инфляцын түвшин түүхэн дээд хэмжээнд хүрч, АНУ-ын бодлогын хүү өсөж 4.25-4.5 хувьд хүрсэн, БНХАУ-ын “Тэг Ковид”-ын бодлого болон Орос Украины хурцадмал нөхцөл байдал нь олон улсын санхүүгийн зах зээлд хүчтэй цохилт өгч, манай улстай  ижил “B” зээлжих зэрэглэлтэй орнууд олон улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж огцом хумигдаж байсан.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн оны есдүгээр сард олон улсад манай Улсын эдийн засаг, валютын нөөцийн огцом бууралт, төлбөрийн тэнцлийн алдагдлын талаар мэдээлэл цацагдсанаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 5-8 дахин нэмэгдэж 40 хувьд хүрч, бидний хувьд 2022 оны арванхоёрдугаар сард өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан.

-2023 онд манай улсын эдийн засаг ямар байх вэ, урд хөрш хилээ нээсэн ч гэсэн дайнаас улбаатай эрсдэлийг та бүхэн хэрхэн тооцож харж байгаа вэ?

-Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг харахад эерэг хандлага гарч байгаа юм болов уу гэж харж байна. Эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь гэж тооцоолж байсан бол гүйцэтгэлээрээ 4.5 хувьтай гарсан. Төсвийн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр төсөв батлагдсан бол гүйцэтгэлээрээ ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэх хэмжээнд гарч байгаа.

Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгөөр буурсан гүйцэтгэлтэй гарсан. Мөн нийт экспорт 12.5 тэрбум ам.долларт хүрч, биет хэмжээний хувьд нүүрсийг 18 сая тонныг экспортолно гэж тооцоолж байсан бол оны эцсээр сүүлийн 2 улиралд экспорт сэргэж 31.7 сая тонн нүүрсийг гаргаж чадсан байна. 

Энэ уул уурхайн экспортын сэргэлт 2023 онд үргэлжлэх төлөвтэй гэж харж байна. Нөгөө талаас БНХАУ-ын Засгийн газраас "Тэг Ковид" стратегийг сулруулж, хил боомт, эдийн засгаа нээсэн нь зөвхөн манай орон гэлтгүй Зүүн Ази дахинд эергээр нөлөөлөхөөр байна.

ОХУ, Украины асуудалтай холбогдуулан ОХУ нүүрсний хоригт орж, улмаар БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспорт 2022 онд эрс нэмэгдсэн нь нүүрсний зах зээлд эрсдэлт байдлыг бий болгож байгаа.

Гэвч Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төслүүд, боомтын сэргэлтийн нөлөөгөөр 2023 онд голлох түүхий эдийн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж, 2023 оны төсөвт тооцсончлон таван хувиар эдийн засгийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байна.

2023 оны нэгдүгээр сард танилцуулсан тайландаа дэлхийн банк манай улсын 2023 оны эдийн засгийн төлөвийг 5.3 хувиар өсөх таамаглалыг гаргасан байна.

"Төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлж байна"

-Зарим шинжээчийн хэлж байгаагаар төсвийн алдагдалтай ийм үед 2023 онд эдийн засаг өсөхгүй гэсэн. Та үүнтэй санал нийлэх үү, нийлэхгүй бол яагаад?

-2022 онд бүх шатны төрийн байгууллагуудад Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, зайлшгүй шаардлагатай л хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлын нөлөөгөөр 2020 онд 12 хувьд хүрээд байсан төсвийн алдагдлыг өнгөрсөн онд 2.1 хувь хүртэл бууруулж чадсан.

Энэ нь эдийн засагт гол эрсдэл болоод байсан импортыг хязгаарлах, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад эергээр нөлөөлсөн. Нөгөө талаас Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогоор экспортыг нэмэгдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх төслүүдийг Төр хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтөд дунд, урт хугацаандаа тогтвортой өсөх боломжийг бүрдүүлэх юм.

-Манай улсын валютын нөөц $3.4 тэрбум болж, ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлээс зайлсхийж чадсан гэдгийг Засгийн газраас онцолж буй. Монгол Улсын валютын зах зээл тогтворжсон уу?

-Манай улсын валютын нөөц 2022 оны жилийн эцсээр 3.4 тэрбум ам.долларын гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь импортын 4.3 сарын хэрэгцээг хангаж чадах үзүүлэлт юм. Өнгөрсөн оны наймдугаар сард хамгийн доод хэмжээнд буюу 2.6 тэрбум доллар хүртэл буурч, импортын 3.3 сарын хэрэгцээг хангахаар байсан. Харин энэхүү валютын нөөцийн бууралтын эсрэг шуурхай арга хэмжээ авч чадсанаар өнөөгийн түвшинд хүрсэн.

Нөгөө талдаа өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2023 оны тавдугаар сард гадаад валютын нөөцөөс шууд хасагдах байсан 517.2 сая ам.долларыг хадгалж үлдсэнээр валютын нөөц тогтворжиж байна.

Хэрэв энэхүү бондын төлбөрийг нэг дор бүгдийг төсвөөс төлсөн тохиолдолд валютын нөөцийг бууруулж, цаашдаа төгрөгийн ханшийг тогтвортой барих бодлогын орон зайг багасгах үр дагавартай эрсдэлтэй байх байсан. 

-2023-2026 онд нийт 13.3 тэрбум ам.долларын гадаад өр хүлээгдэж байгаа. Үүнээс энэ онд хэд нь төлөгдөх вэ?

-Монгол Улсын нийт гадаад өрийн хувьд 2023-2026 онд 13.3 тэрбум доллартой тэнцэх хэмжээний эргэн төлөлтийг хийхээс энэ онд 6.1 тэрбум долларыг төлөхөөр хүлээгдэж байгаа. Үүнээс томоохон төлбөрүүдийг дурдвал Засгийн газрын гаргасан Гэрэгэ бондын 517.2 сая ам.доллар, Монгол банкны БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хоёр тэрбум доллар, Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, мөн Самурай бондын 30 тэрбум иен зэрэг эргэн төлөлтүүд багтаж байна.

Эдгээрээс Засгийн Газар хариуцан төлөх нь Гэрэгэ, Самурай бонд. Гэрэгэ бондын хувьд 517.2 сая ам.долларыг дахин санхүүжилт хийсэн. Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны гаргасан 30 тэрбум иений Самурай бондын  төлөлтийг тус банкны зээлийн эргэн төлөлтөөр барагдуулахаар ажиллаж байгаа.

Энэ оны нэгдүгээр сарын 31-ны байдлаар Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нэг их наяд 91 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ  мөнгийг Монголбанканд тусгай данс нээж иенээр байршуулснаар 30 тэрбум иений төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой болсон байгаа.


Эх сурвалж:ikon.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна2 цаг 49 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай2 цаг 54 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа3 цаг 3 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа3 цаг 8 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...3 цаг 13 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ4 цаг 57 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 цаг 9 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 цаг 17 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ6 цаг 55 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм7 цаг 8 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна7 цаг 35 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав7 цаг 45 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна7 цаг 51 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана7 цаг 59 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна8 цаг 6 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо8 цаг 54 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна9 цаг 4 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 12 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ9 цаг 31 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр9 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан9 цаг 49 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.