Өвгөдөөс уламжилсан Монгол ухаанаа өвлүүлэгч


2-р сарын 27
18 цаг 13 минут
Монгол үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүд Төрийн ордонд цуглажээ. Тэд бол 21 аймаг, 330 сумаас ирсэн 1000 гаруй малчин бүсгүй “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөнд ирсэн нь энэ байлаа. Тэдний дунд дугуй улаан малгайтай, энгэртээ одон, медалиа зүүсэн нэгэн буурай онцгой харагдсан юм. Түүнийг Цэрмаагийн Хандсүрэн гэнэ. Тэрбээр 1930 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн. Долоон жилийн боловсрол эзэмшээд 1947 онд 17 настайдаа малчин болсон гэж байлаа. Ц.Хандсүрэн гуай эцэг эхээс тавуулаа, айлын хоёр дахь хүүхэд нь. Одоо 70 гарсан дүүтэйгээ хоёулаа үлджээ. Түүнийг “Амьдралын тойрог” буландаа урьж ярилцлаа.
 
сонин mn
 
Ц.Хандсүрэн гуай 1955 онд нэгдэлжих хөдөлгөөн эхлэхэд Биндэр сум руу шилжсэн байна. Эднийх нэгдэлд ороогүй байхдаа хонь 500, үхэр 50-60, гурван азарга адуутай айл байжээ. Хувийн аж ахуйтай байхад олон малтай ч одоогийнх шиг туслах малчин авдаггүй, өөрсдийн хүчээр малаа өсгөнө. 1954 онд малаа сайн өсгөсөн хэмээн Ц.Хандсүрэнг аймгийн депутатаар сонгож байжээ. Тэрбээр 1955 оны нэгдүгээр сард Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд орсон байна. Энэ үед нэгдлээс ямар ажил даалгана бүгдийг нь чин сэтгэлээсээ хийдэг байсан тухайгаа дурсаж байв. Тухайлбал, хоёр жил гаруй хонь хариулж, дараа нь төллөх 100 гаруй ингийг Дорж хэмээх айлаас авч 300 гаруй болгож өсгөсөн байна.
 
“ЭРЛИЙЗ ХУРГА, ТЭМЭЭ ХОЁР АДИЛХАН ЭМЗЭГ АМЬТАН”
 
Монголчууд бид дээдсээс өвлөсөн малчин заяа, дэлхийд ховорхон морьтой заяатай ард түмэн. Тэгвэл дэлхийд ховорхон заяаны эзнээс хонь болон төллөх ингийг хэрхэн хариулж байсан талаар асуухад “Эрлийз хонь хариулахад их эмзэг. Тэр үед зохиомол хээлтүүлгийг их нарийн хийдэг байсан. Энэ цээрийг төл дээр нь хадгалж чадахгүй болохоор өнөөх нь өлсөнө.
 
Ц.Хандсүрэн гуай энэ тухай “Малын эмч нэг айлд очиж ирээд морио хашаанаас уяж, хашаа давж ороод хэдэн хонь төллүүлсэн юм. Хэчнээн хургатай байна гээд үхсэн хургануудыг авна. Гэтэл бохир газраар явсан бол тэр хашаа руу хамаагүй орох ёсгүй байсан юм билээ. Тухайн үед ламаар явж болохгүй лам, нам хоёр харшилдаг байлаа” гэсэн юм. 
 
Харин тэмээн дээр энэ байдлыг цэглэсэн ажээ. Ц.Хандсүрэн “Тэмээгээ хонь шиг дагаж хариулна. Тэмээ нь эрлийз хургатай адилхан айхтар эмзэг амьтан. Морьтой хүн харвал хүүхэд шиг хөлсөрхөнө. Нэг удаа манайхаас Адаргын нэг хөгшин хөсөг авч нүүдэл хийгээд тэмээг маань авчирч өглөө. Тэгсэн тэр орой нь нойтон шамарга орж тэнгэр жаахан эвгүй болдог юм байна. Тэгэхээр нь тэмээгээ хашааны банзны өвөрт оруулахад тэр хөгшин хамгийн сүүлд ботголсон тэмээг туугаад явж байсан. Ингээд хашааны өвөрт оруулчихаад гэрт орчихоод гараад иртэл нөгөө ботго маань хөөс нь сагаад хажуугаараа хэвтэж байна. Нөгөө хөгшин ч тэмээ хариулдаг, Адаргын сайн тэмээчин байсан юм. Тэгсэн “Надаас хөлсөрчихөж.  Ус эргүүлээд, малгай өмсгөчих” гэж байна. Мөн “Миий ирсэн зүг рүү ус доогуур цацаад, малгайг минь өмсгөөд ир” гэлээ. Хэлсэн ёсоор нь үйл хийчихээд нэлээн байж байгаад харахад давгүй жог, жог гээд сууж байна.  Сүүлд энэ ботго маань Бам хар нэртэй гунж болж ботголсон доо. Ботгоо хөхүүлэхдээ хөхүүлж байгаа талынхаа борвин дээр нэг хөлөө тавьж хөхүүлдэг байсан. Хэр баргийн ингэ ингэхгүй. Ер нь ботгоо хөхүүлэхгүй байгаа ингийг албаар арагш нь хөлийг нь тавьж хөхүүлдэг. Ингэ өглөөгүүр ботголдог амьтан. Үхэртэй адил төлөө долоодоггүй, үнэрлэдэг. Ботгоны зулай цоорхой төрдөг. Заримдаа битүү хальстай гардаг. Ийм ботго барагтай бол даарахгүй. Манайх ганц ингийг л шилрүүлж байсан. Учир нь ингэ хаана, яаж бууранд гарсан байна тэр газраа очиж ботголдог гэнэ. Тэгээд ботгоо дагуулаад ирсэн. Би 1982-1986 он хүртэл нэгдлийн 40 үнээг саасан. Манайх 1985 оны зудархаг өвөл үхрээ онд мэнд оруулж ”Энх сүрэгтэн” болж байлаа” хэмээн хуучилсан юм.
 
сонин mn
 
ПИОНЕРООС НАМЫН ГИШҮҮН БОЛОВ
 
Ц.Хандсүрэн гуай ханьтайгаа нэгдэлд орсныхоо дараахан танилцжээ. Хуушааны Гомбо намын гишүүн, нэгдэлд орохоосоо өмнө түүхий эдийн эрхлэгч, агент, багийн дарга хийж байсан аж. Мөн Гурванбаян сумын буюу одоогийн Өмнөдэлгэр сумын анхны багийн дарга хийж байсан гэдэг. Гурван жилийн цэргийн албанд мордсон ч 1945 оны чөлөөлөх дайнд оролцож таван жил алба хаажээ. Тэд долоон хүүхэдтэй ч таван хүүхдээ өөрсдөө өсгөсөн гэнэ. Нэг хүүхдээ эмээд нь, нөгөөхийг нь хүнд өргүүлсэн гэж байв. Тэр үеийн хүмүүс олон хүүхэдтэй ч малынхаа төлөө амиа тавидаг байсан тухай яриа дэлгэж байв.  Төрөөд нэг сар болоод малаа маллахад тэр бүр хүүхэд өвдөх асуудал гардаггүй байсан гэнэ. Эгэл малчин айлын жишгээр  том нь багыгаа харна.
 
Баг, сум, намын  хорооны хурал болоход хоёулаа явах боломжгүй тул ээлжилж, 70-80 км газрыг мориор туулж очино гээд малчин хүний амьдралын бүхий л сайн сайхан,жаргал зовлонг эн тэнцүү туулсан тухайгаа Ц.Хандсүрэн гуай ярьж сууна.  
 
Нийтлэлийн баатрыг маань намын гишүүнд элсэхэд эмэгтэйчүүд цөөн байжээ. Албан тушаал өндөр, амьдрал ахуй сайтай, даалгавраа сайн биелүүлдэг хүмүүсийг намын гишүүнээр элсүүлдэг байж. Ц.Хандсүрэн гуайн хувьд 15 нас хүрээд пионерын гишүүн, пионероос эвлэл, эвлэлээс намын гишүүн болсон бөгөөд өнөөгийн МАН-ын ахмад гишүүн ажээ. Тэрбээр мал маллахын зэрэгцээ багийнхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 1963-1969 он хүртэл ажилласан байна. Түүнээс “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөний талаар асуухад “Нэгдлийн үед хурлыг тогтмол хийдэг байсан. Одоо ч жаахан саараад байна. Тэр үед багийн намын хурал, сумынх бол сумынхаа намын хуралд оролцоно. 1982 онд намын бага хуралд их хурлын төлөөлөгчийг сонгохоор сумаасаа сонгогдож байлаа. Өвгөн маань ч нэг бус удаа сонгогдож байсан. Сая Төрийн ордонд болсон зөвлөгөөнд оролцсондоо сэтгэл өндөр байна. Сайхан зүйл их ярилаа. Бидний үед чуулга, уулзалт, төлийн баяр болно уу гэхээс улсын ийм том арга хэмжээ болж байсангүй” хэмээн ярьсан юм."Малчин эмэгтэйчүүд-Манлайлал" зөвлөгөөний үеэр Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, охин Г.Мөнхзулын хамт. Төрийн ордонд.
 
сонин mn
 
ДӨРӨВ ДЭХ ҮЕЭ ҮЗЭЖ БУЙ БУУРАЙ
 
Ц.Хандсүрэн гуай 1986 онд тэтгэвэртээ гарсан ч зүгээр суусангүй. Хувийн малаа хариулж байгаад Сүхбаатар аймгийн Халзан суманд байх бага охин Г.Мөнхзулындаа ирж амьдрах болсон байна. Угийн хөдөлмөрч хүн тул хурганы арьс шүүж, зөөлөрсөн хойно нь гараараа нухаж, элдээд үр хүүхэд, ач, зээ нартаа дээл хийхэд нь бэлэн болгож өгдөг гэж байлаа. Мөн ноосоор утас ээрч ширмэл ширдэг урлана, нэмнээ оёно, хүүхдүүдийнхээ товчийг хүртэл хадаж өгдөг гэсэн юм. Түүгээр ч барахгүй хааяа уран зохиолын ном уншина. Гэхдээ нүдний шил зүүдэггүй гэсэн.
 
Ач, зээгээ харна, хичээлийг нь давтуулна, цэцэрлэгээс авна, эцэг эхийн хуралд сууна гээд өөрийгөө завгүй байлгана. Тэрбээр энэ тухайгаа “Одооны хоёрдугаар ангийн хүүхдийн хичээл бидний тавдугаар ангид үздэг байсан хичээлийг үзэж байна. Үр хүүхэд, хүргэн, бэр, ач, зээ, гуч гээд тоолоход 100 хүрчээ. Эмээ нь дөрөв дэх үеэ үзэж байна” хэмээн инээж суув.
 
Ц.Хандсүрэн гуай Биндэр сумынхаа улсын тэргүүний “Сүлдэт өндөр” хадгаламж зээлийн хоршооны ахмад гишүүн юм байна. Энэ хадгаламж зээлийн хоршоо нь банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг аж. Хэдэн жилийн өмнө  ах дүү, найз нөхдөөрөө хуримтлалыг хэрхэн бий болгох вэ гэж ярилцаад  нийлж  хуримтлал үүсгэсэн аж. Үүнийгээ  жилийн дараа задалдаг гэнэ. Энэ хуримтлал нь сар бүр таван хувийн хүүтэй байсан бол өнгөрсөн оноос зургаан хувь болжээ. Өөрийнхөө боломжоор хөрөнгөө нийлүүлнэ.  Түүний бага охин Г.Мөнхзул “Миний аав их хэлэмгий, хүмүүст хэлэхээ хэлчихдэг шударга хүн байсан. Гэр орныхоо санхүүг барина. Ааваас хойш ээж маань биеэ даагаад санхүү мөнгөө зохицуулдаг болсон болохоор хуримтлалын бүлэгт орсон. Өнгөрсөн жил өөрийнхөө эрүүл мэндэд зориулсан. Ач, зээ нараас нь их сургуульд орвол арай илүүг өгөх зэргээр төлөвлөн хуримтлалаасаа өгч байна. Тэр бүү хэл ач, зээ нарынхаа хаана амьдардаг, хэн нь хэдэнд хүүхэдтэй гэдгийг ч биднээс илүү мэднэ.  Ээж минь захиа бичих дэс дарааг их сайн мэддэг.
 
Тухайлбал, Сайн байна уу. Энэ нутаг оронд цаг агаар ийм байна гэж эхлээд дараа нь өөрсдийн байгаа байдлыг бичээд хамгийн сүүлд нь ерөөл тавиад доор нь заавал ч үгүй хоёр юм бичнэ. Тэр нь "Хүндэтгэсэн ээж. Хүндэтгэн ёсолсон ээж нь төрсөн охиндоо” гэж бичдэг байсан.
 
Захиа бичих ёсыг хаанаас сурсныг мэдэхгүй. Ээж минь элдэв зан авиргүй. Хүний эвийг олохдоо сайн” хэмээн ээжээрээ бахархан ярьж байв. Ийнхүү насаараа мал маллаж, малч монгол ухаанаа үр хүүхдэдээ өвлүүлэн, сургаж яваа 93 настай Ц.Хандсүрэн гуай өдгөө Сүхбаатар аймгийн Халзан суманд энх тунх аж төрж байна. Дээдсээс өвлөсөн малчин заяа, дэлхийд ховорхон морьтой заяатай эдний долоон хүүхдийн дөрөв нь аав ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж явна.     
 
 
Рагчаагийн Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна1 цаг 45 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай1 цаг 50 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа1 цаг 58 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа2 цаг 4 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...2 цаг 9 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ3 цаг 52 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо4 цаг 4 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа4 цаг 12 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм6 цаг 3 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна6 цаг 31 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав6 цаг 40 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна6 цаг 47 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана6 цаг 54 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна7 цаг 2 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо7 цаг 50 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна8 цагийн өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа8 цаг 8 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ8 цаг 27 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр8 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан8 цаг 45 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.