Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна


4-р сарын 18
9 цаг 56 минут

     МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 

-УИХ Баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Таныг стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хүний хувьд биш, уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа энэ салбарын мэргэжлийн хүний тухайд сонирхох нэг асуулт байна. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Монгол улсын үндсэн хуулийн 6.2 дахь заалтад газар, газрын хэвлийн болон түүний баялаг нь төрийн нийтийн өмч байхаар тунхагласан байдаг. үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн уг хуулийг өргөн барьсныг би дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд тусгагдсан стратегийн ордуудыг 34:66 гэсэн харьцаагаар, оюу толгойн нөхцөлөөс дордуулахгүйгээр ард түмэндээ эзэмшүүлэх нь зүйтэй. монголын ард түмэн байгалийн баялгаа шударга, тэгш хуваан хүртэх ёстой.

-Хуулийн төслийг та хэр анхааралтай судлав. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ямар онцлог тусгагдсан гэж үзэж байна вэ? 

-Хуулийн тухай ярихад, баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн сангуудтай байхаар тусгажээ. 2017 оноос хойш одоо хүчин төгөлдөр үйлчилж буй ирээдүйн өв сангийн тухай хуультай хэрхэн нийцэж байгааг нэлээд харьцуулж  харлаа. тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаанд ногдох ногдол ашиг өмнө нь ирээдүйн өв санд ордог байсан бол одоо өргөн барьсан хуульд  Хөгжлийн сан руугаа оруулахаар зохицуулсан байна.

Мөн өмнөх жилийн эрдэс баялгийн орлогын гүйцэтгэлээс давсан хэсгийн 20 хувь, хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх замаар татварт орж ирж байгаа нэмэлт орлогын 50 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлдэг байсныг больж бас Хөгжлийн сан руу шилжүүлэхээр тусгажээ. Харин үүсмэл ордоос авах АМНАТ-ыг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр болж. Гэх мэтээр  сангийн эх үүсвэрүүдэд нилээд өөрчлөлт орсон байна. Эдгээр нь ч зөв байх. Ер нь Баялгийн сан гэдэг чухам юу вэ гэдгээс эхэлмээр байгаа юм. Миний хувьд Баялгийн сангийн эх үүсвэрийн талаар зарчмын өөр бодол, санаатай байдаг.

-Зарчмын өөр бодол санаа гэдгээ тодруулж тайлбарлаад өгөөч?

-Миний бие уул уурхайн салбарт 30 гаруй жил бизнес эрхэлж байна. Байгалийн баялгийг нийт ард иргэддээ хэрхэн тэгш, шударгаар хуваарилах вэ гэдгийг байнга бодож ирсэн. Бүүр 2005 онд энэ асуудлаар өөрийн үзэл, бодлыг тусгасан нийтлэл бичүүлж байлаа. Хэдэн жилийн өмнө Баялгийн сангийн тухай, Стратегийн ордын тухай жижигхэн товхимол боловсруулж хэвлээд УИХ, Засгийн Газрын гишүүдийн заримд нь өгч байсан. Тэр товхимолдоо олон улсын чиг хандлага, жишгийг нэлээд судалж  тусгасан юм. Баялгийн сангийн түүхийг сөхвөл 1800-аад оноос эхлэлтэй. Тэр үеэс л дэлхийн улс орнуудад ийм төрлийн сан байгуулагдаж байсан түүхтэй. Чилийн нийслэл Сантьяго хотод Баялгийн сантай дэлхийн 34 орон нэгдсэн конвенцийг 2008 онд баталж гаргасныг та мэдэх байх.

Гол үзэл санаа нь маш энгийн. Байгалийн баялгийг ашиглуулснаас олсон орлого буюу роялти ба түүний хуримтлалыг ард түмэндээ зориулах. Учир нь байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Түүнээс бүгд хүртэх ёстой. Энэхүү хүртээмж нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ буюу роялтигаар дамждаг.

Роялти нь тухайн үйлдвэрлэл ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамааран борлуулалтын орлогоос шууд авдаг. Тэгэхээр тухайн ордыг ашигласан хүртээмж нийт ард түмэнд АМНАТ-аар дамжин очих ёстой. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулинд, мөн энэ шинээр өргөн баригдсан хуулийн төсөлд болохоор Төсвийн тогтворжилтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдсэн хэсгийн  65 хувийг л төвлөрүүлнэ гэж байгаа. Энэ бол өчүүхэн хуваарилалт. Ихэнх нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдахад зориулагдана л гэсэн үг.

Энэ  буруу. Миний хувьд АМНАТ нь Ирээдүйн өв санд 100 хувь төвлөрөх ёстой гэж үздэг. Ингэж байж Сангийн хөрөнгө нийт ард түмний өмч болж, хэзээ ч нөхөгдөхгүй байгалийн баялгийн өгөөж ард иргэд болон ирээдүй хойчид сонгодог утгаараа очино. Нөгөө талаар Үндсэн хуульд тунхагласан өөрийнхөө өмчийн хувь хэмжээг Монгол Улсын иргэн хүртэнэ. Ийм байвал нийгмийн дунд уул уурхайн салбар одоогийнх шиг “муухай” харагдахгүй, харин ч дэмждэг болно. Ийм улс нийгэм, ард иргэдэд ач холбогдолтой байх бол? болохоор зөв, амьдралд нийцсэн хууль гараасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл,  хуулийн төсөлд анхаарах ёстой зүйл нэлээд байна.

-Жишээ нь юун дээр анхаарах ёстой вэ?

-Уг нь бол Ирээдүйн өв сан нь олон эх үүсвэрээс бүрдэж, урт хугацаанд найдвартай бүтээгдэхүүнд  хөрөнгө оруулалт хийж, арвижиж байх ёстой. Гэтэл хуулийн төслийг харахаар ийм нөхцөл бүрдэнэ гэдэгт эргэлзэж байна. Ирээдүйн өв сангийн тодорхой эх үүсвэрүүд танагдаж, Засгийн газрын хяналт бүхий нөгөө хоёр санд хуваарилагдан, улс төрийн амлалт, үр ашиггүй төслүүд зэрэг хяналтгүй зарцуулагдах магадлал үүсэх эрсдэлтэй гэж харж байна. Үүнээс үүдээд ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр Ирээдүйн өв сангаа удирдах, захиран зарцуулах бүтцэд онцгой анхаарал хандуулаасай. Миний санаа бол Ирээдүйн өв сангийн хяналт, удирдлага нь Монголбанкны хатуу хяналтан дор, улс төрөөс хараат бус, шилэн байх ёстой гэж үзэж байгаа. Мөн Ирээдүйн өв сангийн Удирдах зөвлөл, менежментийн багийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлыг бүх ард түмний санал асуулгаар тодруулдаг байх, Удирдах зөвлөл, менежментийн багийг томилох, эргүүлэн татах, Сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроор шийдвэрлэдэг байх зэрэг саналууд байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “стратегийн ач холбогдолтой ордын  20-иос дээш хувийг дангаар, эсвэл хамаарал бүхий этгээдүүд эзэмшихийг хориглох”-оор байгаа. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Ер нь бол хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдолтой ордыг эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой ордыг олон нийтэд нээлттэй болгох, хувь эзэмшүүлэх асуудлыг энэ заалтаар зохицуулсан байгаа.

Аливаа ашигт малтмалын ордын  нөөцийг тогтоох хайгуулаас эхлэн ТЭЗҮ боловсруулах, дэд бүтцийг бий болгох, зах зээлд өөрийн байр суурийг эзлэх зэрэг маш их ажил нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Тухайлбал, дэлхий нийтэд зэсийн ордыг ашиглалтад оруулахад 15-20 жил шаарддаг жишиг бий. Нөгөөтэйгүүр зах зээлийн байдал, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамааран ашиггүй ажиллах, дампуурах, орд үнэгүйдэх, хөрөнгө оруулалт үр ашиггүй болох зэрэг нь уул уурхайн салбарын онцлог. Араасаа маш их эрсдлийг дагуулдаг.

Олон улсад энэ бүх эрсдлийг үүрэх, хариуцлага хүлээх, зөв оновчтой, шуурхай шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх нь хувьцааны хяналтын багцыг эзэмшигч буюу стратегийн хөрөнгө оруулагчийн үндсэн үүрэг байдгаас гадна эргээд тухайн төслөөс эдийн засгийн үр өгөөж хүртэхэд оршдог.  Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд өргөн барьсан хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг сайн бодох ёстой.

-Таны хувьд ямар сөрөг дагавар гарна гэж  үзэж байна?

-Хуулийн төсөлд заасан 20 хувиас дээшгүй буюу хяналтын багцгүй, олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл хөрөнгө оруулалт санхүүжилт босгох боломжгүй.  Мөн Уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа зэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй байх, ер нь бол салбарын хөгжилд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

Өөр нэг хүчин зүйлийн тухай би бас хэлэхийг хүсч байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх сонсголын үеэр төрийн албан хаагчид, бизнес эрхэлж байгаа аятай маш их хөрөнгөжсөн болохыг бүх ард түмнээрээ л харсан. Хуулийн төсөлд тусгагдсан хувьцаагаар дамжаад мөнгө угаах хэлбэр рүү шилжчих вий, гадныханд стратегийнхаа ордын хувьцааг шууд болон дам байдлаар алдчих вий гэдгийг л сайтар бодож, зохицуулах ёстой юм шүү. Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” гэсэн сонсгол бүү болоосой гэдгийг л анхааруулмаар байна.

-Тэгвэл хуулийн төслийг ямар байдлаар өөрчилбөл улс нийгэм, ард иргэдэд ач холбогдолтой байх бол? 

-Уул уурхайн салбар нь сонгуулийн үеийн улс төрийн намуудын амлалт, олон нийтийн анхаарлыг хандуулдаг сэдэв, нийгмийг талцуулах үндсэн талбар болж ирлээ. Энэ нь салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлдөг. Гадна дотны хөрөнгө оруулалт, Монгол Улсын нэр төр, имижэд ямар их сөрөг нөлөө үзүүлдэг гэж бодно.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасан “стратегийн ач холбогдолтой ордын хувьцааны 10 хувиас доошгүй гэснийг..,” өөрчлөн найруулж “34 хувь болгон нэмэгдүүлэх, ингэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшүүлэхээр шинэчлэн найруулах замаар одоогийн өргөн барьсан хуулиар асуудлаа нэг мөр шийдвэрлэчихмээр байна.

Үүнээс гадна стратегийн ач холбогдолтой орд гэдэг томьёоллоо бид эргэн харах хэрэгтэй гэж бодож байна. Стратегийн ордуудын жагсаалтыг батлаад үндсэндээ 17 жил өнгөрлөө. Зарим стратегийн гэх ордуудаа ашиглаад дуусчихсан байна. Угаасаа энэ стратегийн ордын жагсаалт гэгчийг тухайн үедээ улстөржсөн байдлаар, шинжлэх ухаанч бус, олон улсын жишиг хандлагад нийцүүлэлгүй  баталсан л даа. Энэхүү жагсаалтад бүх нүүрсний ордуудаа оруулчихсан байгаа. Гэтэл өнөөдөр дэлхий нийт нүүрснээс татгалзах, улмаар нүүрс шахагдан, үнэ цэнэгүй болох чиглэл рүү явж байна. 2060 он гэхэд өмнөд хөрш нүүрснээс бүрэн татгалзахаа зарлачихаад байгаа. Ийм байхад бид “стратегийн” гээд томьёолоод байж болох уу?

Дэлхий нийтэд бол стратегийн орд гэсэн нэр томьёо байдаггүй. Харин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц онц чухал ашигт малтмал буюу critical minerals гэдэг ойлголт байдаг. Ихэнх улс орнууд стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулдаг. Энэ асуудлаа олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэн зохицуулах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд, ямар хууль батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бидний хувьд гарсан хуулийг дагаж мөрдөж ажиллах болно.

Эх сурвалж: Ц. Баасансүрэн DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа2 цаг 2 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье2 цаг 5 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна4 цаг 2 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 цаг 18 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 цаг 28 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо5 цаг 44 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 55 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.