Л.Мөнхбаясгалан: Надад эх орноосоо зугтах шалтгаан байхгүй


"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өчигдөр цахим хуудаснаа өөрийг нь эрүүгийн хэрэгт холбогдуулж, гадаадад гарах эрхгүй болгосон тухай мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр “Өнөөдөр хэвлэлийн баг хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлах нь зүйтэй байх. Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх гэж байсан. Хоёр дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар очих гэж байсан.  Тавдугаар сарын 26-ны өдөр очих ёстой байсан. Билетээ 24-ний өдөр авсан. 24-нөөс эхлээд янз янзын хүмүүс ярьж байсан. Чи Монголоос дүрвэж байгаа юм уу гэр бүлээрээ явах гэж байгаа юм уу гэх зэргээр утасдах болсон. Надад эх орноосоо зугтах шалтгаан байхгүй” гэв.
Түүнчлэн “Өчигдөр оройны /2016.05.25/ 20:00 цаг өнгөрч байхад Эрүүгийн цагдаагийн газраас ахмад н.Баасанжав гэдэг хүн дуудсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, хилээр гарахыг хориглосон. Байцаалт авна гэсэн. Гэхдээ би байцаалт өгөхгүй гээд гарч ирсэн. Залилангийн хэрэг буюу 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангийг надад сонсгосон. Яагаад залилан хийчихэв гэхэд 2013 онд МИАТ-тай хийсэн гэрээг гаргаж ирсэн" гэсэн юм

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МИАТ-ийн зар сурталчилгааны талаар тодруулахгүй юу?


-2013 онд гэрээ байгуулсан. Үүнд өдөр тутмын 14 сонин, 40 гаруй телевизтэй байгуулсан гэрээ байсан. Энэ бол гүйцэтгэлээрээ явсан. Ямар нэгэн байдлаар залилаад, хэн нэгнээс онц их хэмжээгээр бүлэглээд мөнгө авчихсан хэрэг байхгүй.

-Гэрээний үнийн дүн хэд вэ?
-40 сая төгрөгийн гэрээ байсан. МИАТ төрийн өмчит компани болсноос хойш хэвлэлүүдтэй байгуулсан гэрээнүүдийг гаргаж ирвэл өчнөөн мөнгө болно. Гэтэл үүнээс ганцхан намайг гаргаж ирж байна. Өмнө нь надаас нэг ч удаа энэ талаар асууж байгаагүй байж одоо гаргаж ирж байгаа нь шалтаг гэж бодож байна.

-Оффшор данстай хүмүүсийн дунд Х.Баттулга гишүүний нэр ч бас байгаа. Та хэрэв Х.Баттулга гишүүнтэй холбоотой мэдээлэл олбол олон нийтэд мэдээлэх үү?
-УИХ-ын гишүүн Х.Баттулга оффшор данстай гэсэн мэдээлэл явж байгаа. Хэрэв тийм мэдээлэл байвал адилхан л авна, адилхан л гаргана. Тэрийг энийг гэж ялгах шаардлага надад байхгүй.

-Таны АНУ руу явах зардал 33 сая төгрөг болж байна. Энэ мөнгийг хаанаас авсан бэ?
-Энэ 33 сая төгрөг хаанаас гарч ирсэн мөнгө вэ.

-Таныг бизнес ангиллаар ниснэ гэсэн?
-Бизнес ангиллаар хоёр хүн ниснэ. Би C1 телевизэд гэрээгээр хоёр нэвтрүүлэг өгдөг. Миний хоёр нэвтрүүлгийг C1 телевиз нийтдээ сарын 15 сая төгрөгөөр худалдаж авдаг. Гэрээ нь энэ байна. Энэ мөнгөөр би өнөөдөр амьдардаг. Студиэ ажиллуулдаг, нэвтрүүлгийнхээ бүх зардлыг өөрөө олдог. Тэгэхээр надад Америк яваад ирэх зардал бол байна.

  • Шинэ
  • Их уншсан